Билгийн тооллын XVII жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний энэ өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар төр, түмэн олноо төвшин амгалан байхыг бэлгэдэн золгож, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Төрийн золголтын дараа ардын жүжигчин, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг эгшгийг тааруулж, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээн төр, түмэндээ өргөх магтаал хайллаа. Энэхүү арга хэмжээнд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золголоо.
Энэ золголтын дараагаар төр засгийн тэргүүнүүд төрийн хүндэтгэлийн өргөөнд настан буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь эрэн золгож, бэлэг гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн золголтод Б.Зангад, З.Намжим, Б.Цэрэндолгор, Н.Бэгз, Ж.Товуудорж, Г.Зэвэг, С.Хандсүрэн, С.Сүрьеэ, Д.Ойдов нарын настан буурлууд иржээ.
Ахмад настнуудаа хүндэтгэн золгож, дурсгалын зураг татуулсны дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ард түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,
-Та бүхэн тавтай сайхан шинэлж байна уу. Өнгөрч буй модон хонин жилд Монголчууд бид гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа, мал сүрэг маань 56 саяд хүрлээ. Дэлхийн эдийн засаг ялангуяа, уул уурхай, газрын баялаг түүхий эдэд суурилсан улс орнуудын эдийн засаг сайн биш байгаа ч монголчууд бид эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, амжилт ололт дүүрэн ажиллаж чадлаа.
Өнгөрсөн хугацаанд инфляцаа 14-өөс буулгаж 9 хувьд хүргэлээ. Үүний үр дүнд ипотекийн 8 хувийн зээлийг үргэлжлүүлэн олгож, таван хувьд хүргэх боломж бүрдлээ. Малчны зээлийн 30 хувийг 10 хувьд хүргэхээр ажиллаж байна. Оюутолгойн гүний уурхайн их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаж чадлаа. Замын салбарт 1000 гаруй км хатуу хучилттай авто зам барилаа. Эрчим хүчний салбар анх удаа алдагдалгүй ажиллаж эхэллээ. Эхлүүлсэн эдгээр ажлуудаа бид энэ онд үргэлжлүүлнэ. Бүтээн байгуулалтын ажлуудаа хийнэ.
Энэ жил УИХ-ын сонгуулийн жил. Мөн дэлхийн томчууд Монгол Улсад маань анх удаа хуран чуулна. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах нь монголчууд бид бүхний нэр төрийн хэрэг юм.
Гарч буй XVII жарны гал бичин жилдээ монголчууд маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх болтугай. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж ерөөл дэвшүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12153#sthash.MSJD4TEU.dpuf
Мэдээ оруулсан: 2016-02-19 18:21:36