ОХУ-ын “РИА-Новости” агентлагийн цахим хуудсанд Монгол Улс ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргээ зохицуулсны дараа рублийн их хэмжээний зээл олгох асуудлыг дахин тавих боломжтой тухай Сангийн яамны дэд сайд Сергей Сторчак мэдэгдснийг нийтэлжээ.
Төрийн думын санхүүгийн зах зээлийн хорооны мягмар гаригт болсон хуралдаанаар 2010 оны арванхоёрдугаар сарын 14-нд Москвад үзэглэсэн Монгол Улсын ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээрийг батлахыг парламентын доод танхимд санал болгохоор шийдвэрлэжээ.
С.Сторчак тус хуралдааны үеэр, “Мэдээж хэрэг, уг асуудлыг зохицуулсны дараа Монгол Улс удаан хүсэмжилж буй рублийн их хэмжээний санхүүгийн зээл олгох асуудлаа дахин тавих боломжтой болно. Талуудын хооронд зохицуулаагүй зарим асуудал бий гэж бид саяхан хүртэл ярьж байсан. Тэгэхээр тэдгээрийг нэг тийш болгохын тулд хэлэлцээ хийх л хэрэгтэй” гэж ярьсан юм.
Үүнээс өмнө тэрээр, төсвийн хязгаарлалттай өнөөгийн нөхцөлд ОХУ гадаадын зээл хүсэгчдэд энэ жил шинээр зээл олгох явдлыг түр зогсоохоос өөр аргагүй ч өмнөх тохиролцоонуудынхаа үүргийг бүрэн биелүүлнэ гэж байсан билээ.
ОХУ-ын Засгийн газар Монголын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээрийг батлах төслийг Төрийн думд 2015 оны арваннэгдүгээр сарын сүүлээр өргөн барьжээ. Тайлбар баримт бичгүүдэд, 2010 оны арванхоёрдугаар сарын 14-ний байдлаар Монгол Улс ОХУ-д хугацаа хэтэрсэн нийт 174.2 сая ам.долларын өртэйг дурдсан байна.
2010 оны арванхоёрдугаар сард хоёр тал ОХУ-д төлөх Монгол Улсын өрийн 97.8 хувийг хүчингүй болгохоор тохиролцжээ. Тэр үед Сангийн сайд байсан А.Кудрин ОХУ Монголд шинээр 125 сая ам.долларын зээл олгож болох тухай мэдэгдэж байсан билээ.
Б.БАРС
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээ оруулсан: 2016-02-20 14:25:25